Сүүлийн 10 жил бид байгалийн шавхагддаг баялгаа ихээр зарж, өрөө нэмж, монгол хүн гэх үнэт капиталаа орхигдуулсан

Сүүлийн 10 жил бид байгалийн шавхагддаг баялгаа ихээр зарж, өрөө нэмж, монгол хүн гэх үнэт капиталаа орхигдуулсан

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зүйлсийн талаар эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа.

– Эдийн засаг хүнд байна гэж хаа сайгүй л ярьж байна. Инфляц хоёр оронтой тооноос буухгүй, валютын ханшийн өсөлт ч саарахгүй байна. Судлаач хүний хувьд та эдийн засаг хүнд байгааг хамгийн түрүүнд юугаар тодорхойлмоор байна вэ?

– Таны асуусанчлан эдийн засаг амаргүй байгаатай санал нэгдэж байна. Эдийн засаг амаргүй байгаа нь макро эдийн засгийн чухал үзүүлэлтүүд болох инфляцын түвшин өндөр, гадаад валютын ханш чангарч, Монгол төгрөгийн ханш их суларсан, төлбөрийн балансын өндөр алдагдал үргэлжилсээр байгаа, дээр нь гадаад өрийн дарамт нэмэгдсэнтэй холбоотой байна.

Эдгээр хүндрэл нь дан дангаараа биш хосолсон хүндрэлийг бий болгоод байна. Гэхдээ энэ бүх нөхцөл байдал зөвхөн өнөөдөр гэнэт бий болчхоогүй л дээ. Олон жилийн өмнөөс хуримтлагдаж, ужгирсан нөлөөлөл нь өнөөдөр эдийн засгийг амаргүй болгосон.

– 2023 онд манай эдийн засаг ямар байх нь тодорхойгүй байгаа. Зарим судлаач өсөлттэй жил байхгүй болов уу гэж ч харж байсан. Таны хувьд хэрхэн харж байгаа вэ?

– Монгол Улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал байдаг, байсаар ч ирсэн. Тодорхой бус байдал улам бүр нэмэгдэж байгаа нь асуудал болоод байна.

Эдийн засгийн өсөлтийн таамаглалыг олон улсын банк, судалгааны институтүүд дахин дахин шинэчилж байгаа нь өөрөө ямар тогтворгүйг, тодорхой бус байдал их байгааг илтгэнэ. Тухайлбал, Орос Украины геополитикийн асуудал багтана. Өнгөрсөн онд үүссэн энэ асуудал цаашид хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр. Мөн олон орны Төв банкууд бодлогын хүүгээ чангаруулж, зах зээл дээрх мөнгөө хумьж байна.

Эдгээр шалтгаанаас болоод дэлхийн эдийн засаг 2023 онд 1.7% өснө гэж 2022 оны төгсгөлд таамагласан. Харин манайх эдийн засгийн өсөлтөө 4-5%, инфляцын түвшин 6% байна гэх төсөөлж байгаа.

Бас нэг томоохон асуудал нь хүн амын дундах орлогын тэгш бус байдал. Эдийн засаг тогтворгүй, сайнгүй байгаа нь иргэдийн дунд асар их бухимдлуудыг бий болгож байгаа шүү дээ. Дээр нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ бухимдлыг нэмэгдүүлэх бас нэгэн хүчин зүйл.

Сүүлийн 15, 16 сарын турш 10 гаруй хувийн инфляцтай байлаа. Инфляцын хуримтлагдсан нөлөө нь  тогтмол орлоготой иргэдийн орлого 40 гаруй хувиар буурсан нөлөөг амьдралд нь үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 10%-ийн инфляц хуримтлагдаад ирэхээр иргэдийн орлогыг 40% гаруй бууруулж байгаатай адил. Энэ нөхцөл байдал богино хугацаанд засагдахгүй. 

– Өрийн асуудлаарх дэлхийн томоохон шинжээчдийн уулзалтад та оролцоод ирсэн. Олон улс энэ асуудлыг хэрхэн харж, ямар гарц гаргалгааг эрэлхийлж байна вэ?

– Өнгөрсөн оны төгсгөлд миний бие өрийн асуудлаарх олон улсын экспертүүдийн уулзалтад оролцсон.

Ирэх жилүүдэд дэлхийн олон оронд өрийн асуудал хүндрэхээр байна. 1980-аад оны үед Африкийн орнууд өрийн хямралд орж байсантай адилхан нөхцөл байдал ирэх жилүүдэд дэлхий дахинаа бий болохоор байна.

Улсуудын өр шинэ зуун гарснаас хойш түүхэн өндөр түвшинд хүрсэн байна. Ирэх жилүүдэд өрийн асуудал хүндхэн болох багц улсууд дотор манай улсын асуудлыг ярьж байсан. Дээр нь үнийн түвшний өсөлт, инфляцтай холбоотой асуудал эдийн засагт томоохон сөрөг үр дагавар учруулна гэж үзэж байсан.

Өрийн асуудал дэлхий дахинд бий болно гэдэг нь гадаад  эдийн засаг эмзэг байна гэсэн үг. Манай улсын хувьд бусад оронтой харьцуулахад гадаад валютаар хийсэн өрийн гэрээ санхүүжилт их болохоор гадаад шокийн нөлөө өндөр байх болов уу.

Өрийн судлаачдын гаргасан зөвлөмжид дэлхийн өрийн өндөр эрсдэлтэй 39 орны тоонд Монгол Улс орсон байсан. Дээр нь манай улс өрийн даац хэтрэх өндөр эрсдэлтэй орон.

Манай улсад дотоодын хөрөнгийн зах зээл нь сайн хөгжөөгүй учраас Засгийн газрын санхүүжилтэд бараг үүрэг гүйцэтгэдэггүй, тиймээс гаднаас зээл санхүүжилт их авдаг. Гадна талаас авсан нийт зээлийн 95-аас дээш хувь нь дандаа гадаад валютаар хийгдсэн. Гадаад валютаар хийсэн гэрээ хэлцэл нь гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарах хамаарлыг нэмэгдүүлж байгаа. Энэ нөхцөл байдал эргээд өр төлбөрийн үйлчилгээг хариуцах чадварт нөлөөлж буй хэрэг.

Манай улсын хувьд гадаад өрийн хариуцлагыг өрөөр хааж биелүүлж байсан туршлага байхгүй тул болгоомжтой хандах хэрэгтэй гэх бодол уулзалтад оролцож байхад төрсөн.

– Манай улсын хувьд өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх түвшинд хүрснийг цөөнгүй эдийн засагчид хөндсөөр байгаа ч хуульдаа өөрчлөлт оруулах замаар өрөө нэмэгдүүлсээр байна. Өмнөх бондуудын өрөө дарахаар саяхан шинэ бонд хүртэл гаргасан. Та Монгол Улсын өрийн менежментийн талаар ямар байр суурьтай байна вэ? Эсвэл үнэхээр өр тавьж хөгжихөөс өөр боломж манай улсад байхгүй юм уу?

– Өр ердийн үед асуудал биш ч өртэй талын эдийн засгийн боломж бүтээмж, чадавхтай харьцуулахад тэнцвэргүй болоод ирэх үед хүндрэл, дарамтыг бий болгодог. Хувь зээлэгдэгч, хэрэглэгчдийн хувьд ч ялгаагүй шүү дээ.

Монгол Улсын гадаад өрийг үндэсний нийт орлогод харьцуулсан харьцаа 270 байна. Дэлхийн жишгээр дээрх харьцааны үнэлэгдсэн зөвшөөрөгдөх хэмжээ багадаа 40, ихдээ 80 байгаа. Манайх 80 гэдэг харьцаанаас даруй 3.4 дахин их буюу алдагдсан байгаа юм. Гадаад өрийн экспортын орлоготой харьцуулсан харьцаа олон улсад 150-300-гийн хооронд байхад манайх 425 болчихсон.

Ингэж тэнцвэрт байдал нь алдагдаад байгаа нь гадаад өр манай улсад асуудал болсныг илтгэж байна.

Өрхүүдийн хувьд ч тэр өр нэмэгдсэн. 2010 оноос хойш буюу сүүлийн арав гаруй жилд манай улсын өрхүүдийн зээлийн хэмжээ ДНБ-ийн 36 хувьд хүрч байгаа шүү дээ. Өрхүүд маань банкуудад өртэй, улс, хувийн сектор нь гадна талдаа өртэй зэрэг өрийн том цикл дунд бид орчихсон явна.

Өрийн асуудлыг судлаад үзэхээр 2008-2016 оны хооронд манай улсын гадаад өр 10 гаруй дахин нэмэгдсэн. Энэ нь манай эдийн засаг уул уурхайн түүхий эдийн секторын хавсарга, түүнээс хараат болж, тэнцвэргүй байдал руу орсон байгаа юм.

Засгийн газрын гадаад өрийн бүтцийг Дэлхийн банкны үзүүлэлтээр авч үзвэл:

  • 31 хүртэлх хувийг АХБ, Дэлхийн банкнаас
  • 30 орчим хувийг хоёр талын зээлдүүлэгчид буюу Хятад, Япон зэрэг улсуудаас
  • Үлдсэн хувийг хувийн сектороос авсан байна.

2023 онд л гэхэд Засгийн газрын болон хувийн секторын гадаад өр нийт дүнгээрээ 5.4 тэрбум ам.долларыг төлөхөөр хүлээгдэж байгаа.

Хувийн секторын өр Засгийн газарт хамаагүй гэж хэлж магадгүй. Хувийн секторууд өр төлбөрөө гүйцээхийн тулд дотоодоосоо валют аваад, гадагш валют их хэмжээгээр урсана гэсэн үг. 2022 оны эцэст Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн дүн нь 3.39 тэрбум ам.доллар. Тэгэхээр валютын нөөцөд томоохон эрсдэл байгаа нь эндээс харагдаж байна.

ХАРАМСАЛТАЙ НЬ МАНАЙ УЛСАД УУЛ УУРХАЙ ХӨГЖСӨН СҮҮЛИЙН АРАВ ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМГИЙН ИХ ОРХИГДСОН ЗҮЙЛ НЬ МОНГОЛ ХҮН

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

– Ийм түвшинд хүрч унасан байгаа эдийн засгийг аварч, өрх бүрийн амьдралыг дээшлүүлэхийн тулд бодлогын түвшинд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

– Манай эдийн засаг тэнцвэргүй, тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдалд дунд бүдчиж явна.  Бид өнөөдөр ил харагдсан хэсгийн асуудлыг шийдээд нөхцөл байдлыг сайжруулах хэмжээнд биш байна.  Эдийн засагч хүний хувьд манай улсын эдийн засаг дархлаагүй болжээ. Төрөлжөөгүй, уул уурхайгаас ихээхэн хамааралтай, эмзэг бүтэцтэй л яваад байна.

Үүнээс гадна хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийгээгүй нь хамгийн том сул тал гэж хэлмээр байна. Уг нь манай улсын хувьд энэ бол нэлээд чухалчилж авч үзэх ёстой асуудал байлтай.

Монголчууд цөөхүүлээ. Тэр утгаараа монгол хүн өөрөө ховор, үнэтэй капитал юм.

Энэ ховор капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэнд гэсэн хоёр зүйлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх ёстой. Хүнээ сайжруулах хоёр суваг нь ердөө энэ хоёр.

Монгол хүн эрүүл байх тусам боловсролын хөрөнгө оруулалт нь сайн байна. Нөгөө талдаа боловсрол сайн байх тусам эрүүл мэндийн хөрөнгө оруулалт үр дүнтэй болно. Харамсалтай нь манай улсад уул уурхай хөгжсөн сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хамгийн их орхигдсон зүйл нь монгол хүн.

Уул уурхайн салбараас орж ирж байгаа нэг ам.доллар тутмаас 99 центийг нь хэрэглээнд зарцуулаад, нэг цент хүрэхгүйг нь хуримтлуулсан байх жишээтэй. Хүмүүн капитал уг нь тасралтгүй хөгжиж байх ёстой.

Дээрээс нь чадвартай хүмүүсийг ажлын байраар хангадаг, засаглал сайтай институтийн орчин хэрэгтэй. Эдийн засгийн бүтээмж өсөх орон зай бол сайн институттэй байх явдал. Институтууд бие даасан, хараат бус байдлаар ажиллаж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг чадвартай, чадамжтай, өрсөлдөөнтэй ажиллах хүч, орон зай манайд үгүйлэгдэж байна.

– Яг одоогийн төсөв, сангийн бодлого таны бодлоор хэр оновчтой байна вэ?

– Төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдааг хангана гэж олон жил ярьж байгаа. Өнөөдрийн харж байгаагаар уялдахгүй л явна. Сүүлийн үед мөнгөний бодлого чангарч байна. Төсвийн бодлогын хувьд төсвийн өндөр тэлэлттэй байна.

Сүүлийн зургаан жилийн хугацаанд төсөв гурав дахин тэлсэн. Улсын төсвийн зардал 2017 онд 7 их наяд гаруй байсан бол өнөөдөр батлагдсан 2023 оны төсөв 21 орчим их наяд байгаа. Энэ жилийн төсөв сонгууль дөхчихсөн, төсвийн шинжтэй зардлууд өсөх, импортыг нэмэгдүүлж, улмаар төлбөрийн баланс, гадаад валютын улсын нөөцөд ирэх дарамтыг нэмэгдүүлэхээр харагдаж байна. Урьд өмнө хэзээ ч байгаагүй том төсөв. Гадна тал руугаа ч валют урсах зардлууд их байгаа. Энэ хэмжээгээрээ монгол төгрөгийн ханш сулрах, инфляц өсөх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Тэгэхээр төсвийн зардлыг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хэлбэрээр, импортын худалдан авалт их хэмжээгээр нэмэгдэхээр байгааг нь дахиж эрэмбэлэх хэрэгтэй гэж бодож байна. Төлбөрийн баланс өнөөдөр 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай яваа.

Хоёр бодлогыг харахаар нэг нь дотоод талдаа чангаруулах гээд байх ч нөгөө талдаа инфляцыг бууруулж чадахгүй, төгрөгийн ханш суларсан хэвээр байх нөхцөл байдал руу түлхээд байна. Дүгнээд хэлбэл өнөөдрийн бодлогыг оновчтой гэж хэлж чадахгүй.

– Нүүрсний хулгайн асуудал яригдаж байгаа энэ үе иргэдийн бухимдлыг чинээнд нь тулгасан. Алдагдсан боломжийг тооцвол?

– Алдагдсан боломж нь хэд вэ гэдгийг тоогоор хэлж чадахгүй байна. Гэхдээ нүүрсний хулгайн асуудал нь ноцтой асуудал гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Байгалийн баялгийн хувьд нэг газраас хэр хэмжээний ашиг, орлого олж байгааг нь тооцоход амаргүй байдаг. Бид малаа тоолж болох ч байгалийн баялгийг нарийн тооцож чадахгүй байна.

Байгалийн баялгийн рент гэдэг ойлголтыг Дэлхийн банкнаас тооцож байгаа. Тодруулбал байгалийн баялгийн борлуулалтын үнээсээ олборлосон нийт зардлыг нь хасаад, ҮНБ, ДНБ-нд нь харьцуулдаг. Манай улс энэ үзүүлэлтээрээ нүүрсийг хамгийн их хэмжээгээр зарж борлуулж байгаагаараа тэргүүлж байна.  Тэр хэмжээгээр үр өгөөж нь дотоодод хэр байгаа вэ гэвэл асуудал.

Манай улс нүүрсний рентийн хувьд хурдтайгаар байгалийн баялгаа шавхаж байгаа Африкийн Конго, Зимбабве, Мозамбик, Ангол, Малави зэрэг улсуудтай адил түвшинд байна.

Институтийн засаглал сул үед байгалийн баялаг тухайн ард түмэнд ашиг авч ирэхээс илүүтэй гашуун туршлага болдог гэдэг утгаар байгалийн баялгийн хараал гэх ойлголт эдийн засагт бий болсон.

Нэг жишээ татахад бид шавхагддаг баялгаасаа хүртэж байгаа рентийн хэмжээ нь өнгөрсөн зуунд буюу социализмын үед гаднаас авсан зээлээс ч их болсон тооцоо бий. Ингээд бодвол сүүлийн 10 гаруй жил бид байгалийн баялгаа ч их зарж, гадаад өрөө ч эрс нэмэгдүүлжээ.

– Ярилцлагын төгсгөлд нэмж асуухад, Та сүүлд КОВИД-19 ба Монгол дахь жендэрийн тэгш байдал сэдэвт судалгааг хийсэн байсан. Энэхүү судалгааны сонирхолтой үр дүнгээс хуваалцахгүй юу?

– Энэ судалгаа нь КОВИД-19 ба жендэрийн тэгш бус байдал тэр дундаа эмэгтэйчүүдийн асуудлыг судлах байсан. Тэгэхээр манай улсад жендэрийн тэгш байдлыг хангах, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалт нь 10 гаруй хууль, таван бодлогын бичиг баримт байдаг юм байна. Хуулийн хувьд олон улстай харьцуулбал боломжийн хэрнээ бодлогын бичиг баримтын хэрэгжилт хангалттай биш байна.

Жишээ болгоход, 2022 оны статистикийн мэдээллээр хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин илт буурсан байна. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт буурсаар байсан. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн ажиллах сонирхол 17 хувиар бага байна. Өөрөөр хэлбэл, хоёр эмэгтэй тутмын нэг нь л ажиллах сонирхолтой болсон.

Дээр нь КОВИД-19-ийн үед хүнд ачааг үүрсэн эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын 70-80 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь судалгаанаас харагдсан.

Мөн манай улсын 25-34 насны буюу залуу эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрс буурч байгаа нь анхаарал хандуулах шаардлагатай санагдсан. Эмэгтэйчүүд маань өндөр боловсрол эзэмшээд байгаа мөртлөө хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах нь улам багасаж байна. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнийг 65 хувь хүртэл нэмэгдүүлж, эрэгтэйчүүдийн түвшинд хүргэж чадвал жендэрийн тэгш байдал болон ДНБ-ий өсөлтөд эерэг нөлөөтэй болох нь судалгаагаар гарсан.

– Ярилцсанд баярлалаа.