Хүндээ хөрөнгө оруулж, хүнээ хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн ирээдүй
Эдийн засгийн ухааны доктор (PhD), профессор С.Даваасүрэнг дугаарын зочноор урьж, ярилцлаа. Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болох боловсролтой мэргэжилтнүүдийг улсдаа анхлан бэлтгэсэн Монгол Улсын ууган сургуульд багшилж байсан тэрбээр Английн Манчестерийн их сургуульд магистр, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
-Хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөлт, хэтийн зорилгыг тодорхойлох чухал сэдвүүдээр асуудал дэвшүүлэн хэлэлцэж буй энэ үед бид ярилцаж байна. Танаас нэн түрүүнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд судлаачийн хувьд хэрхэн дүн шинжилгээ хийж байгааг тодруулъя?
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн асуудлуудын талаар ярьж байгаа энэ цаг үед эдийн засагч, судлаач хүний хувьд байр суурь, санал бодлоо хуваалцаж байгаадаа баяртай байна. Эдийн засгийн салбарт тодорхой бус байдал тулгардаг. Энэ нь тухайн нөхцөл байдалтай холбоотой бөгөөд биднээс үл хамаарах, таамаглах боломжгүй зүйлээс шалтгаалдаг гэж ойлгож болно.
Өнгөрсөн онуудад бид амаргүй жилүүдтэй нүүр тулсан. Цар тахалтай жилүүдийн араас бүс нутгийн мөргөлдөөн, дайнтай хүнд цаг үеүд үргэлжилж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсыг өнгөрөөгүй, дайраад гарсан. Ийм цаг үед буюу 2022 онд манай улсын эдийн засаг 4.6 хувь болж агшсан ч өнгөрсөн онд 7 хувийн өсөлттэй гарлаа. Эдийн засгийн энэхүү өсөлт нь манай улсад төдийгүй бүс нутагтаа өндөрт тооцогдоно.
Эдийн засгийн өсөлтөөс илүү тогтвортой, хүртээмжтэй байдал чухал
-Монгол Улс цар тахал, геополитикийн хүнд нөхцөлд оновчтой гаргалгаа хийж эдийн засгаа сэхээнээс гаргаж чадсан. Энэ өсөлтийг цаашид хадгалах, тогтвортой авч явахын тулд юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Эдийн засаг өсөлттэй гарсан нь сайн хэрэг. Гэхдээ ийм өсөлтөөс илүүтэй эдийн засгийн тогтвортой байдал, тогтвортой өсөлт чухал юм. Манай улсын эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхай, эрдэс баялгийн экспортоос шууд хамааралтай. Энэ салбарын орлого нэмэгдэхээр эдийн засаг дагаж тэлдэг. Буурахаар нь дагаад агшдаг эмзэг, тогтворгүй байна. Ийм дүр зургийг бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш тодорхой харсан. Тиймээс газар доорх баялгаа хэрхэн тогтвортой, өсөлттэй, хүртээмжтэй болгох вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын экспортын хэмжээ 30 дахин өссөн үзүүлэлттэй байна.
-Эдийн засгийн хувьд томоохон тэлэлт болжээ?
-Гэхдээ экспортын бүтцийг харвал 90-92 хувийг уул уурхайн эрдсийн экспорт, 6-7 хувийг хөдөө аж ахуй, түүхий эдийн экспорт, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу ноос, ноолууран бүтээгдэхүүн ердөө 2-хон хувийг эзэлж байна. Манай улс 2022 онд 31.7 сая тонн нүүрс, 2023 онд 69 сая тонн нүүрс экспортолсон нь эдийн засгийн өсөлтөд хүчтэй эерэг нөлөө үзүүлсэн. Гэхдээ уул уурхай эрдэс, бүтээгдэхүүний үнэ ханш нь гадаад зах зээлийн нөхцөл байдлаас, тоо хэмжээ нь худалдан авагч орны эрэлт хэрэгцээ, шийдлээс хамаардаг тул экспортлогч орноос хамаарах хамаарал маш бага байдаг гэдгийг мартаж болохгүй.
Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэлбэлзлийн 60 орчим хувь нь дэлхийн зах зээлд гарч байгаа өөрчлөлт, хоёр хөршийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой байна. Тэгэхээр дэлхийн зах зээл, өмнөд хойд хөршийн нөлөөлөл, эдийн засгийн үйл явц манай эдийн засагт ямар хүчтэй нөлөөлж байна вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Бид Дотоодын нийт бүтээгдэхүүний хэлбэлзлийн ердөө 40 гаруй хувийг л чиглүүлэх боломжтой. Үлдсэн 60 гаруй хувь нь биднээс хамаарахгүйгээр гадна талд шийдэгдэж байна гэсэн үг. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг харуулж буй үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралт байдал өндөр, уул уурхайн салбар нь эдийн засгийн бусад салбарыг шахан гаргах үзэгдэл байсаар байна.
-Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг тэлэх, шинэ гарц эрэлхийлснээр зарим нь үр дүнгээ харуулж эхэллээ. Ялангуяа “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийсэн зоригтой алхмуудын үр өгөөжөөр бид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Таны бодлоор аялал жуулчлал эдийн засгийн шинэ гаргалгаа байх боломжтой юу?
-2001 онд буюу 23 жилийн өмнө “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан ч бүсчилсэн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байсан. 2020 онд “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, улмаар 2021 онд Шинэ сэргэлтийн бодлогыг УИХ-аас баталсан. Та “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа талаар асуулаа. Хоёр жилийн өмнө хэдэн судлаачтай хамтран аялал жуулчлалын салбарын талаар судалгаа хийсэн. Аялал жуулчлалын салбарын хөгжилд тухайлсан бүтээгдэхүүн, эвент зэрэг жуулчдыг татах, олноор оролцуулах, бас тус салбараас орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн давтамж, чанарын асуудал их чухал юм билээ. Дээр нь бүсчилсэн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт эерэг нөлөөтэй гэж бодож байна.
Урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөө үзүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих шийдвэрийг УИХ-аас өнгөрсөн оны сүүлээр гаргасан. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 21 аймгийг долоон тойрог болгон бүсчлэн явуулахаар тогтсон явдал нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах чухал шийдвэр төдийгүй сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр нь тухайн орон нутгийг бус, бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн байх ёстойг хуульчилсан хэрэг гэж ойлгож байна.
-Өөр нэг зүйл нь эдийн засгийн тэлэлтээс шалтгаалсан түүхий эдийн нэмэгдлийг байгаль дэлхийд хор хөнөөл багатайгаар шийдвэрлэх арга зам, гаргалгааны талаар та сонирхон судалж байв уу?
-Дэлхий дахинаа тогтвортой хөгжих тухай асуудлыг ярьж байна. Тогтвортой хөгжинө гэдэг нь өнөөгийн хэрэгцээг хангахдаа ирээдүйн хэрэглээг хязгаарлахгүй байх явдал. Тиймээс эдийн засгийн байгаль орчинд үзүүлж буй нөлөө, байгалийн баялаг, нөөцийн ашиглалт, сөрөг нөлөөллийг эдийн засагчид тооцдог. Тогтвортой хөгжих үндэс нь тогтвортой байдал бөгөөд тогтвортой байдал нь эдийн засаг богино хугацаанд өндөр өсөлт үзүүлээд зогсчихдоггүй урт хугацаанд тогтвортой өсөлттэй байхыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, нөөцийг байгалийн жамаар нөхөн сэргээгдэх хэмжээнээс нь давуулан хэрэглэхгүй байх гэсэн санаа үүний цаана бий.
Дэлхийн эдийн засаг тэлэхэд түүхий эдийн хэрэглээ нэмэгдсээр байна. Тиймээс эх дэлхийгээ хойч үеийнхэндээ одоогийнхоос нь дордуулахгүй хүлээлгэн өгөхийн тулд байгаль дэлхийгээ хайрлах, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, зохистой хэрэглээтэй байх, эдийн засаг нь тогтвортой хөгжих хэрэгтэй байгаа юм.
Хүмүн капитал тасралтгүй хөгжих нь эдийн засаг хөгжих үндэс болдог
-Бид эдийн засгийн өсөлтийн талаар ярьж байгаа ч байгаль цаг уурын байдал, давагдашгүй хүчин зүйл, гадаад улс орнуудын цаг үеийн байдлаас шалтгаалах асуудлууд эрсдэл дагуулсан хэвээр байна. Тиймээс учирч болох сорилтод бэлэн байх, таны хэлсэнчлэн эдийн засгаа хүртээмжтэй болгохын тулд одооноос ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та бодож байна вэ?
-Цар тахал, дайнаас гадна байгалийн гэнэтийн аюул, гамшгийн давтамж нэмэгдсэн нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан хүнс, эрчим хүчний үнэ өссөнөөс инфляц дорвитой хэмжээнд буурахгүй хэвээр байна. Төв банкууд нь мөнгөний бодлогоо чангалсан нь эдийн засгийн өсөлтийг сааруулах, хөрөнгө оруулалтыг хязгаарлах том хүчин зүйл болсон. Энэ нь эргээд гадаад эх үүсвэр татах, хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжийг хязгаарлаж байна. Та хоёр ч удаа “Бид одооноос юунд анхаарах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ” гэж асуулаа. Эдийн засагт хүний мэдлэг чадвар, туршлагыг бүхэлд нь хүмүн капитал гэж үздэг. Хүмүн капитал тасралтгүй хөгжих, улмаар эдийн засгийн бүтээмж өсөх нь эдийн засаг хөгжих үндэс болдог. Тиймээс бидний нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ нь хүндээ хөрөнгө оруулах явдал юм.
Монголчууд бид цөөхүүлээ. Тиймээс монгол хүн ховор, үнэт капитал юм. Энэ цөөн, ховор капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой. Хүнийг хөгжүүлэхийн тулд хоёрхон замаар хөрөнгө оруулалт хийдэг нь эрүүл мэнд, боловсрол. Боловсрол болон эрүүл мэндийн хөрөнгө оруулалт нь хамтдаа нэг хүнд хийгддэг, хөгжлийн хөрөнгө оруулалт юм. Эрүүл мэндийн капитал өндөр байх тусмаа боловсролын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулдаг. Боловсролын капитал өндөр байх тусмаа эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийж, хүндээ зориулсан урт хугацааны тогтвортой, тууштай бодлого, хэрэгжилтийг ханган ажиллах хэрэгтэй.
-Манай улс ямар арга замаар эдийн засгаа урт хугацаанд оновчтой хөгжүүлэх боломжтой гэж та харж байна вэ?
-Бид өнөөдөр амьдарч байгаа нь агуулга. Агуулга дээрээ тогтохоос биш хэтэрхий хэлбэр дагамааргүй байгаа юм. Хэлбэрдсээр байвал агуулга нь гүйцэхээ болино. Юм хийсэн юм шиг, хийж байгаа юм шиг харагдах гэж хичээхээ болих хэрэгтэй. Эсрэгээрээ хамгийн сайн хийж чаддаг зүйлээ өөрт байгаа нөөц бололцоогоороо хийх тэр боломж, сонголтыг хүмүүст өгөх нь чухал. Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Югийн хэлсэн “Нэгэн цагт маш ядуу байсан эдийн засаг өнөөдөр дэлхийн хамгийн баян үндэстэн болсон улс” хэмээх үгийг би эшлэх дуртай. Тэрбээр үндэстнийхээ хөгжлийн нууцын талаар ярихдаа хүндээ хөрөнгө оруулалт хийж, төрийн албанд хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулсан гэж хэлсэн байдаг.
С.Даваасүрэн: Хөдөлмөрийн зах зээл нь эдийн засгийн амьдралын толь, бодит тусгал болдог
Юу хийхээ яг таг мэддэг, түүнийгээ хамгийн сайнаар хийдэг байж бид урагшаа хөгжинө.
-Улс орнуудын туршлагаас харахад орлогынхоо тодорхой хувийг хэрэглээнд зарцуулахаас гадна хуримтлал бий болгодог. Үүний нэгэн адил манай улс тодорхой алхмуудыг хийхээр зорьж байна. Та судлаачийн хувьд бодлоосоо хуваалцаж болох уу?
-Уул уурхайн салбар хөгжсөн сүүлийн жилүүдэд эрдэс баялгаасаа олж байгаа орлогынхоо нэг ам.доллар тутмын 99 центийг бид хэрэглээнд зарцуулсан тооцоо байна. Өөрөөр хэлбэл, ердөө нэг центийн хуримтлал үүсгэсэн гэсэн статистик бий. Уул уурхайн орлого өсөн нэмэгдэх нь сайн ч ийм байдлаар зарцуулаад явбал бид ирээдүй хойч үедээ зориулсан хангалттай хуримтлалыг бий болгож чадахгүй, өнөөдөртөө идэж уугаад л дуусгана. Манайх шиг байгалийн баялаг ихтэй, уул уурхайн салбар зонхилсон улс орнууд “Баялгийн хараал”, “Голланд өвчин”-өөс зайлсхийхийн тулд дахиад л хүндээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Дээр нь хүмүн капитал тасралтгүй хөгжих, улмаар эдийн засгийн бүтээмж өсөх орон зай бол институтийн хөгжил сайн байх үндэс юм.
-Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн оновчтой ажил байгаа бол та нэрлэж болох уу?
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 2012 онд авсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 2022 онд, 2012 онд авсан “Кредит Свисс” бондын 250 сая ам.долларыг 2021 онд, 2016 онд авсан 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2022 онд, 2017 онд авсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг 2023 онд, 2013 онд авсан 30 тэрбум иенийн “Самурай” бондыг 2023 онд бүрэн төлснөөр Монгол Улсыг өрийн дарамтаас гаргалаа. Дээрх өр төлбөрт 13.3 их наяд төгрөгийн төлбөрийг хийсэн тооцоо байна.
Өр бол ердийн үед асуудал биш. Харин өрийг өртэй талын эдийн засгийн бүтээмжийн чадамжтай харьцуулсан харьцаа тэнцвэргүй болох үеэс л асуудал үүсдэг. Гадаад өрийг тухайн улсын Үндэсний нийт орлого болон экспортын орлогод харьцуулдаг түгээмэл жишиг тооцоолол байдаг. Энэ тооцооллоор манай улсын гадаад өр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин өндөр байсан. Түүнчлэн бусад орнуудтай харьцуулахад гадаад валютаар хийсэн гэрээ санхүүжилтээс өндөр хамааралтай, улмаар гадаад шокийн нөлөөнд мэдрэг бөгөөд өрөнд нэрвэгдэж, өрийн даац хэтрэх эрсдэл өндөр улсын тоонд багтаж байсан. Энэ эрсдэлээс зайлсхийж чадсан нь маш чухал ажил болсныг онцолмоор байна.
Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшнийг 65 хувьд хүргэж чадвал эдийн засгийг өсгөх боломжтой
-Улс орны санхүү, эдийн засгийн хөгжилтэй шууд хамааралтай зүйлсийн нэг нь ажиллах боловсон хүчин байдаг. Өнгөрсөн арав, хорин жилийн хугацаанд уул уурхайн салбарын хөгжлийг дагаж энэ чиглэлийн ажиллах хүчнийг бэлтгэсэн. Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал сүүлийн үед асуулт дагуулах болсны учрыг та юу гэж харж байна?
-Таны асуултад хариулахын өмнө сүүлийн 60 жилд эдийн засгийн бодлогын томоохон төлөөлөл болсон, Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридманыг дурдмаар байна. Тэрбээр эдийн засгийн бодлогын үндсэн зорилтууд нь нэгд, ажил эрхлэлтийн өндөр түвшин, хоёрт, тогтвортой үнэ, гуравт, эдийн засгийн өсөлт гэсэн байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл нь эдийн засагт ямар чухал болох нь ойлгогдож байгаа байх. Эрэмбийн хувьд нэгд байгаа биз. Түүнчлэн, эдийн засгийн алдаатай бодлогын үр дүн нь хөдөлмөрийн зах зээлдээ илэрч байдаг.
Манай улсад ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2006 онд эрчүүдийнх 64.5, эмэгтэйчүүдийнх 64.3 хувьтай ойролцоо байсан. Өнөөдөр энэ үзүүлэлт эрчүүдийнх 68 хувь, харин эмэгтэйчүүдийнх 50 хувь болж буурсан. Үндсэндээ 18 жилийн дотор эмэгтэйчүүдийн АХОТ 14 пунктээр унасан байна. Монгол эмэгтэйчүүд улам бүр ажил хийхгүй байхыг сонгож байна. 100 эмэгтэйн тал нь л ажил хийх сонирхолтой болжээ. Энэ их тааруу мэдээ. Дээр хэлсэнчлэн эдийн засагт хамгийн чухал нь ажил эрхлэлтийн өндөр түвшин. Иргэд нь ажил хөдөлмөр эрхэлж байж л улс орон нь хөгжиж, иргэд нь сайн сайхан амьдарна шүү дээ. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын эмэгтэйчүүдийн АХОТ-ийг 65 хувьд хүргэвэл өөрөөр хэлбэл 2006 оны түвшинд хүргэж чадвал эдийн засгийг 0.5 хувиар өсгөх боломжтой үр дүн гарсан.
-Одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас гарахын тулд хүний хөгжлийг хэрхэн бодитоор авч үзэх боломжтой вэ?
-Манай эдийн засагт хөдөлмөрийн зах зээлээ дэмжих, хүндээ хөрөнгө оруулах нь маш чухал болоод байна. Хөдөлмөрийн зах зээл нь нэг талаас ажил эрхлэгч, нөгөө талаас ажил олгогчийн асуудал байдаг. Ажил эрхлэгчийг юм уу, эсвэл ажил олгогчийг дангаар нь дэмжсэнээр энэ зах зээлд тэнцвэр хангагдахгүй. Аль алиныг нь дэмжих хэрэгтэй.
Залуус хөдөлмөрийн зах зээлд ажил эрхлэхгүй удсанаас тэдний боловсрол, мэдлэг чадвар хурдан зэвэрдэг. Нэгэнт мэдлэг чадвар нь тэнцэхгүй хүнийг ажилд авах газар ховор, энэ нь тэдний насан туршийн амьдралд муугаар нөлөөлнө. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүний гэр бүлийн орлого багасаж, амьдрал нь хурдан доройтохоос гадна тэдгээрийн биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа тогтворгүй болно. Үүнээс нийгмийн бухимдал, гэмт хэрэг гарах эрсдэл нэмэгддэг.
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого муутай өрхөд өсөж байгаа бага насны хүүхдийн боловсрол, чадварт хийх хөрөнгө оруулалт буурснаар үр хүүхдийнх нь ирээдүйн хөгжил суларна. Судалгаагаар хүүхдүүдэд 0-5 настайд нь хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд хамгийн их өгөөжтэй болохыг тогтоосон байдаг. Энэ насанд оруулсан хөрөнгө оруулалт тэднийг хожим илүү сайн сайхан амьдрах, илүү өндөр боловсрол чадвартай болох, сайн ажил хийхэд нь хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлээ дэмжих нь хүндээ оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих чухал суваг байгаа биз. Энэ суваг дээр асуудал үүссэн байна.
Манай улсын хөгжлийн ирээдүй нь үнэ цэнтэй монгол хүн
-Санхүү, эдийн засгийн салбарт ажиллаж байсан судлаачийн хувьд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын эдийн засгийн үр өгөөжийн талаарх бодлыг тань сонсъё?
-Бид байгалийн баялгаа хүртээмжтэй, өсөлттэй болгох нэг дэд бүтэц нь санхүүгийн салбарын хөгжил. Та “Санхүү, эдийн засагт салбарт ажиллаж байсан судлаачийн хувьд” гэж асуулаа. Санхүүгийн байгууллагууд нэг талаасаа хөрөнгө, мөнгө хайж байгаа хүмүүст зээл олгоно. Эсвэл хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа хүмүүсийнхээ уялдааг хангаж өгдөг эдийн засгийн салбар. Санхүүгийн хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, валютын арилжаа гээд мөнгөн төрлийн бүх үйлчилгээг санхүүгийн зах зээл дээр явуулдаг. Энэ утгаараа эдийн засагт санхүүгийн зах зээл амин чухал сүнс нь юм.
Манайд 1990-ээд оны төгсгөлд арилжааны банкууд үйл ажиллагаа явуулаад хүмүүсийн орон сууцыг барьцаа хөрөнгө болгосноос шалтгаалж тэр нь амьд хөрөнгө болж эхэлсэн. Ингэж байж эдийн засгийн эргэлтэд орсон. Энэ систем дотор арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд зөвхөн арилжааны банкны систем гэхээсээ илүүтэй хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн тэнцвэр нь адилхан хангагдаж явдаг. Харин манай санхүүгийн зах зээлд байгаа нийт хөрөнгийн 90 гаруй хувь нь банк, үлдсэн хувьд бусад нь явж байгаа нь өрөөсгөл бүтэц болчихоод байгаа юм. Том эдийн засагтаа уул уурхай давамгайлсан байгаатай адилхан санхүүгийн салбарт арилжааны банк гэдэг ганц хөлөгтэй байна гэсэн үг.
-Нэг тал нь давамгайлсан энэ байдлаас хэрхэн гарах боломжтой гэж та харж байна вэ?
-Санхүүгийн салбараа олон тулгуурт болгон хөгжүүлэх, хүртээмжтэй, ногоон санхүүгийн үйлчилгээ, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хангах зэрэгт анхааарал хандуулах хэрэгтэй. Дотоодын санхүүгийн зах зээл тааруу байгаа учраас л гадна талаасаа хамааралтай, бас эрсдэлд өртөх магадлал өндөр байгаа юм.
Санхүүгийн салбараа хөгжүүлэхэд дахиад л хүний мэдлэг, чадвар, туршлага буюу хүмүн капиталын хөгжил маш үнэ цэнтэй. Тэгэхээр манай улсын хөгжлийн ирээдүй нь хүндээ хөрөнгө оруулах, үнэ цэнтэй монгол хүнийг бий болгох явдал юм. Дээр нь хувийн сектор, төрийн институциүд бие даасан хараат бус байдлаар ажиллах, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, чадвар чадамжтай, өрсөлдөөнтэй ажиллах орон зай, механизм бидэнд хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/